Гурванбулаг сумын товч танилцуулга

 Сумын тухай товч танилцуулга
Гурванбулаг сум хуучнаар Сайн ноён хан аймгийн Пүрэв гүний хошуунд харъяалагдаж байгаад 1924 онд  Цэцэрлэг Мандал уулын  аймгийн Богдмарал уулын хошуу  Баруун Гурванбулаг нэртэйгээр байгуулагдан анхны сумын даргаар  Дашийн Цозон гэдэг эмэгтэй сонгогдон ажиллаж эхэлснээс хойш Г.Нанцад, Гэвийн-Лодон, Д.Дэндэв, Н.Вандан нарын хүмүүс  ажиллаж байжээ.
1942 онд  Баянхонгор аймаг байгуулагдахад Баянхонгорын Гурванбулаг сум болон сумын төв нь “Цэнгэл”-д байгуулагдан, сумын даргаар Н.Заяа, Ц.Дашням, н.Галсанваанчиг, Т.Сандаг, С.Сэмжид,  Н.Бигэрмижид, Д.Чимэд,  З.Жамъян, Д.Доржсүрэн, Г.Ядамжав, О.Нямдаваа, Л.Гүрсэд, Д.Догсом нар 1990 оны дунд үе хүртэл ажиллаж байлаа.
1992 оноос Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдан сумын Засаг даргаар Д.Туяа (1992-1996, 2000-2004), Ш.Түдэв (1996-2000, 2004-2008), Д.Баяржаргал (2008-2012), Д.Банзрагч (2012-2016), Ц.Энхболд (2016-2020) нар тус тус ажилласан.
Тус сум  өөрийн аймгийн Жаргалант, Заг, Хүрээмарал, Баянбулаг, Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Цахир, Хангай сумтай хиллэдэг.  Улаанбаатар хотоос 924, аймгийн төвөөс 245 км алслагдсан хангайн бүсэд оршдог.

Газар нутгийн бүтэц, нэгдмэл сангийн хэмжээ Нийт 444181 га газар нутагтай. Үүний 441544 га нь хөдөө аж ахуйн, 4580 га нь хадлан, 6,5 га нь тариалан, 388 га нь хот тосгон бусад суурины газар, 230 га нь зам шугам сүлжээ, 2017 га нь усан сан бүхий газар, 2 га нь улсын тусгай хэрэгцээний газар нутаг юм.   

Газрын гадарга. Бугат, Элстэй, Алаг байц, Цагаан битүү, Улаан битүү, Өнцөг, Тэнгэр царам, Гэр асга, Гурванбулаг, Баянхайрхан, Тэгш хайрхан, Ноён хайрхан, Өндөр жаргалант, Овоон таг, Оргуй, Худагт, Уртын сэрвэн зэрэг уул нуруудтай. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3506 м өргөгдсөн Өндөр жаргалант, хамгийн нам цэг нь 2000 м өргөгдсөн Нарангийн булаг юм. Сумын төв нь далайн түвшнээс дээш 2300 метрт  өргөгдсөн.

Уур амьсгал. Эрс тэрс уур амьсгалтай, жилийн 306 хоногт хасах градустай байдаг. Зун нь сэрүүн, богино болдог. Хоногийн болон улирлын агаарын температурын хэлбэлзэл ихтэй. Олон жилийн дунджаар агаарын температур –4,0 градус ба дулааны улирал буюу IV-X сард +6,1 градус хүрдэг. 2000-2012 оны жилийн  агаарын дундаж температур -4.2-оос -8.2. Салхи жилдээ 50-60 өдөр тохиолддог. Агаарын хамгийн дулаан жилдээ 20-23.6 хэм дулаан, агаарын хамгийн хүйтэн температур 49.7-50.2 хүртэл хүйтэрдэг. Жилийн хур тунадасны нийлбэр дүн 98.9-228.6  мм байдаг.

Байгалийн гамшигт үзэгдэл. Зуд нь гамшигийн хэмжээнд хүрч байсан жилүүдэд цасны хэмжээ 1975-1976, 1993 онд 30-80 см, 1999-2000 онд 60-120 см хүрч байв. Мөн 1953, 1967-1968, 1971-1972, 1984-1985, 2009-2010  оны өвөл хавар зуд болж мал сүрэгт үлэмж хохирол учирч байлаа.

Гадаргын ус. Сумын хувьд голын сүлжээ харьцангуй сайн. Нийт 20 гол, 3 нуур, 13 булаг шанд, 9 худагтай. Үүнээс: Хөх нуур болон Хар ус, Өлзийт, Нарийн, Шар ус, Түргэн, Билүүт зэрэг томоохон  гол, Нарийн, Рашаан толгой зэрэг эмчилгээний рашаантай.

Түүх соёлын дурсгалт газар. Нутгийн тахилагат Гурванбулаг хайрхан, Тэгш хайрхан, Өндөр Жаргалант, Ноёны овоо, Овоон таг, Баянхайрхан, Багшийн овоо, Овоон өндөр, Өндрийн овоо, Булагт, Бөөн, Сэрвэн зэрэг нутгийн шүтээн уулнуудтай. Гурван ноёны шарил, Билүүтийн хүрээний туурь, Чингис хааны гүүн зэлний гадас, Чинтийн овоо, Морин мөртийн морины мөртэй толгой зэрэг түүх соёлын дурсгалт газар олон байдаг. Түрэгийн үеийн буган чулуун хөшөөнүүд 10 орчим бий. Үүнээс хамгийн  өндөр нь 2011 онд  олдсон 4,2 метртэй  Билүүтийн амны хөшөө юм.

Хөрс ургамал. Тус суманд өндөр уулын бор, хүрэн бор, тал хээрийн цайвар бор хөрс зонхилдог. Жаргалант хөндий, Таван ихрийн хоолой, Дуулгант, Морин мөртийн хөндий зэрэг өргөн уудам тал хөндийнтэй. Ургамлын хувьд борог өвс, амт чанар сайтай ботууль, ерхөг, хиаг, хялгана, согоовор, сөд өвс, хөх шар дэгд зэрэг үет ба буурцагт ургамал зонхилон ургадаг.  Вансэмбэрүү, алтан гагнуур, сөд, хөх шар дэгд, зэрлэг цахилдаг, мэхээр, бэрээмэг, хурдан цагаан, мангир, тарваган шийр, царван зэрэг хүн малын өвчнийг анагаах эмийн ургамал элбэг. Дээрх эмийн ургамлыг эрт дээр цагаас нутгийн зон олон хүн малын элдэв өвчин анагаахад ашигласаар  ирсэн уламжлалтай.

Ан амьтан. Янгир ямаа, хойлог, тарвага, зурам, буга,зэрлэг гахай, ирвэс, аргал, угалз, туулай, солонго, үен, өмхий хүрэн, мануул,  шилүүс,  нохой зээх,  дорго байхаас гадна чоно, үнэг, хярс, жигүүртнээс шонхор, тас, ёл, үлийн сар, хүрэн бор ятуу, шар шувуу, ууль, өвөөлж, ногтруу, цөцгий, тагтаа, бор шувуу, бүргэд, болжмор, өрөв тас, ахуун, шаазгай, нүүдлийн шувуудаас цахлай, хун, ангир, бор галуу, тогоруу байдаг.

Ашигт малтмал. Одоогоор хайгуулын үр дүнд тогтоогдсон  алт, нүүрс, усан болор зэрэг баялаг,  элс, хайрга, зос будаг болон хар ба шар шавар зэрэг барилгын ашигт малтмал байдаг.

Хүн ам зүй. 2021 оны жилийн эцэст 676 өрх, 2340 хүн ам тоологдсон. Үүнд: Эрэгтэй ......, эмэгтэй 1116, 0-5 насны ...., сургуулийн насны .........., хөдөлмөрийн насны ....., 55-аас дээш насны өндөр настан ......, үүнээс эмэгтэй .... байна. Их дээд сургууль, МСҮТ-д ..... оюутан суралцаж байна. 453 малчин өрх, нийт 126895 мал тоологдсноос тэмээ 8, адуу 11237, үхэр 14278, хонь 64551, ямаа 36821 тоологдсон.

Боловсролын түвшний хувьд .... хүн дээд боловсролтой, ..... хүн тусгай дунд, ..... хүн бүрэн дунд, ....... хүн бүрэн бус дунд, ........... хүн бага боловсролтой байна.

2022-05-25 18:17:13