Ерөнхий боловсролын сургуулийн танилцуулга

Одоогоос 82 жилийн  өмнө Монгол орныг донсолгосон гэгээрэл соёлын  их хувьсгалын үед хөдөөгийн үрсэд соёлын үрийг тарих их үйлсийг эхлүүлсэн оюун гэгээрлийн  нэгэн өргөө үүдээ нээсэн нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын бага сургууль билээ.

Үр хүүхдээ ном эрдэмтэй болгож соён гэгээрүүлэх эрхэм зорилготой. Эцэг эхчүүд тухайн үеийн ардын сургуулийн ач тусыг мэдрэх даавуун цүнхтэй, даалимбан дээлтэй бяцхан үрсээ дагуулан ирж Цэнгэлийн голын Эмээлт толгойн бэлд нэгэн айлын тулгын чулууг тулж галыг нь асаасан нь энэ.

Манай сургуулийн алтан түүхийн эхлэл 40 сурагч, 2 багш 4 гэртэйгээр эрдэм номын гараагаа эхлэн ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсийн анхны шанг татжээ.

Анхны бага сургуулийн эрхлэгч багшаар Б.Пүрвээ, Доржцэрэн нар ажиллаж хүнийг сургах, сурахын гайхамшгийг үзүүлж өгчээ. Аливаа үйлийн анхдагч байна гэдэг хүн бүхэнд тохиохгүй гайхамшиг аз завшаан.

Анхны 40 сурагчдаас эдүүгээ МУ-ын гавьяат багш 2, улсын прокурор , БХЯ-ны улс төрийн газрын дарга дэслэгч генерал, МУ-ын төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх 1, Боловсролын яамны сайд, ШУ-ны доктор профессор 2 төрөн гарсан нь манай сургуулийн бахархал, анхдагчдын гаргасан оюуны алтан шар замын буян хишиг болон дурсагддаг билээ. Сургууль маань Цэнгэлийн гол 1940 он, Хар усны Богины ам 1952 он, Шар усны Хөвийн ам 1962 он буурь сэлгэн нүүдэллэж 4-р ангийг 26 удаа, 8-9-р ангийг 52 удаа, 10-р ангийг 1 удаа төгсгөн 2500 гаруй сурагчдад бага, дунд, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэн сургасан буяны мөртэй буурал түүхтэй эрдмийн өргөө хэмээн хүндлэгдэн сүндэрлэж байна.

Өдгөө Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургууль нь захирал 1, сургалтын менежер 2, нийгмийн ажилтан 1, насан туршийн боловсролын нэгжийн менежер 1, дунд ангийн 15 багш, бага ангийн 9 багш, байрын багш, эмч, нярав, архив, бичиг хэргийн ажилтан, номын санч, тогооч, жижүүр, сантехникч, үйлчлэгч зэрэг 47 багш ажилтантай. Дунд ангийн 140 сурагч, бага ангийн 196, нийт 336 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.  2022-2023 оны хичээлийн жилд сургууль төгсөх дунд анги 27 суралцагч, шинээр элсэн суралцагч 41 сурагч элсэн суралцаж, Бүрэн, дунд боловсролд 13 суралцагчийг амжилттай шилжүүлэн ажиллаж байна.

2022-10-10 09:59:04