Гурванбулаг сумын түүхэн товчоо

АРДЫН ХУВЬСГАЛЫН ЖИЛҮҮД ДЭХ ГУРВАНБУЛАГ СУМ
Орос улсад 1917 онд болсон Октябрийн хувьсгалын нөлөөгөөр Монгол оронд 1921 онд Ардын хувьсгал ялж, ардчилсан төр, засаг тогтож, хуучин феодлын байгуулал, хамжлагат ёсыг халж түүхэн хувьсгал гарав. Ардын засгийн газраас 1922 оны 1-р сарын 25-нд хамжлага нарыг сум ардын дансанд шилжүүлэх түүхт шийдвэрийг гаргаж, 5-р сарын 5-нд засаг ноёдын хамжлага захирах эрхийг цуцалж, тамгыг нь хураан авснаар Монгол улсад хамжлагат ёсыг үүрд халсан байна. 1923 оны 3-р сарын 22-нд баталсан “Монгол улсын олон засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”-ээр нийгмийн дарлагч анги байсан засаг ноёдын эрх ямбыг хязгаарлаж устгав. Энэ дүрмээр ард иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй байх бололцоо нөхцлийг олгов. Ардын засгийг нийтээр дэлгэрүүлж, бэхжүүлэх нэн чухал үндэс нь орон нутгийн хуучин засаг захиргааг шинэчлэх явдал байлаа. Нутгийн захиргаадыг ардчилах ажил 1922 оноос эхэлжээ. “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм”-ийг 1923 оны 3-р сарын 23-нд батлав. Энэ дүрмээр засаг захиргааны доод нэгжүүдийг байгуулах тоо хэмжээ, бүх шатны хурлын дарга, албан тушаалтныг сонгох зарчмыг тодорхойлон тогтоосон байна. Түүнчлэн Ардын засгийн эрх хэмжээг тодорхойлсон “Монгол улсын ардын засгийн газрын түр дүрэм”-ийг боловсруулж төр засгийн бодлогыг олон түмэнд хүргэх үүрэг хүлээсэн “төлөөллийн түшмэлийн дүрэм” батлан гаргаж мөрдүүлжээ. Нутгийн захиргааг ардчилах үйл явцад 1923 онд 4 аймаг, 116 хошууг засаг ноёдын нэрээр нэрлэхийг больж, ард түмний сайн мэдэх томоохон уул, усны нэрээр нэрлэх болжээ. Тухайлбал Сэцэн хаан аймгийг Хан Хэнтий уулын, Түшээт хаан аймгийг Богд хаан уулын, Сайн ноён хаан аймгийг Цэцэрлэг Мандал уулын Засагт хаан аймгийг Хан Тайшир уулын аймаг гэж тус тус нэрлэх болжээ. Энэ үндсэн дээр Сайн ноён хаан аймгийн Жонон бэйлийн (Пүрэв гүний) хошууг Цэцэрлэг Мандал аймгийн “Богд Марал” уулын хошуу хэмээн нэрлэх болсон ба энэ хошуунд одоогийн Баянбулаг , Гурванбулаг , Хүрээмарал сумдууд багтаж байжээ. Богд Марал уулын хошуунаас1924 онд  Баянбулаг , Гурванбулаг, Хүрээмарал сумууд тасарч, тус сум 1931 он хүртэл Цэцэрлэг Мандал аймгийн Гурванбулаг уулын хошуу гэж нэрлэгдэж явсан байна. Манай улс1931 онд хошуудыг татан буулгаж 13 аймаг, 306 сумтай болсон ба 1927 онд татан буулгасан багуудыг сэргээн байгуулжээ.  Өвөрхангай аймаг 1931 байгуулагдаж Гурванбулаг сум тус аймгийн харъяанд орж байжээ.

СОЦИАЛИЗМЫН  ҮЕИЙН  ГУРВАНБУЛАГ  СУМ
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1933 онд Өвөрхангай аймгийг Түйн голын Цагаан эргээс Арвай хээрийн талд шилжүүлэх шийдвэр гарч, улмаар 1934 оны 5-р сард Гурванбулаг , Заг, Баянбулаг, Хүрээмарал зэрэг 9 сумыг Архангай аймагт харъяалуулжээ. Ингээд Гурванбулаг сум нь 1941 он хүртэл Архангай аймгийн Баруун Гурванбулаг сум гэж нэрлэгдэх болжээ. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор 15 аймгийг 18 аймаг болгосны нэг нь манай аймаг байв. 1942 оны 2 дугаар арын 5-нд манай аймаг Говь Бөмбөгөр нэртэй байгуулагдаад удалгүй Баянхонгор аймаг гэж нэрлэгджээ. Гурванбулаг сумын анх байгуулагдсан түүх нь 1924 онд Цэцэрлэг Мандал аймгийн Гурванбулаг уулын хошуу гэж биеэ дааж байгуулагдснаар эхэлжээ. Гурванбулаг сум нь Ардын хувьсгалын өмнө Сайн ноён хан аймгийн Жонон гүний хошуу гэж нэрлэгдэж ардын хувьсгал ялсны дараа 1924 оноос сумын төв нь 3 удаа нүүж Цэнгэл, Хар ус, Шар усны хөвөөнд төвлөрөн суурьшсан юм. 1962 онд одоогийн төв байгаа Хөвийн аманд суурьшсан.  Тус сум нь анх байгуулагдахдаа 7 багтай байсан бөгөөд  1956 оны байдлаар 10 багтай, 2014 онд 5 багтай байна.
 Гурванбулаг сум 1954 оны байдлаар 2445 хүн амтай үүнээс 1-14 насны хүүхэд 763, 14-45 хүртэл насны 963, 60-с дээш насны 416, хөдөлмөрийн чадвартай нь 1195 хүн байсан байна. 1954 онд аймгийн сайн малчны болзлыг Насан-Очирын Вандан, Очирын Даваа, Гомбын Чимид, Тангадын Бадарч, Дэмбэрэлийн Аюуш нар хангаж байв.
Гурванбулаг сум 1959 оны байдлаар хөдөлмөрийн чадвартай 1208 гишүүдээс мал аж ахуй дээр 1055 гишүүд, туслах үйлдвэрлэлийн чанартай ажилд 35 гишүүд хөдөлмөр өдрийн төлөвлөгөөг 103 хувиар биелүүлж, хоньчин Шагдар, Базарваань, Магсар, Бат-Очир нар хонь бүрээс 1850-2300 грамм ноос, Цанжид, Пүрвээ нар нэг ямаанаас 23-400 грамм ноолуур, Дэрэм, Жамба нар үхэр бүрээс 600 грамм хөөвөр, Даваа, Нямсүрэн, Паартуу, Ичинхорлоо, Охин, Баасан нар үнээ бүрээс 600 хүртэл сүү саасан байна. Хүн эмнэлгийн салбар нэг бага эмч, хоёр сувилагч гурван орон тоотой ажиллаж, ор хоногийн төлөвлөгөөг 103 хувь, Бага сургууль 1959 онд 192 хүүхэд элсүүлэх төлөвлөгөөг 86,3 хувиар биелүүлсэн байна. (Сумын хөдөлмөрчдийн депутатуудын гүйцэтгэх захиргааны 1959 оны 4-р  хуралдаанд сумын дарга Сандагийн илтгэлээс...) Гурванбулаг сум 1959 онд 105709 толгой малтай байснаас тэмээ 930, адуу 9040, үхэр 11679, хонь 62230, ямаа 21830 байсан байна.
Гурванбулаг сум 1960 онд мал өсгөх төлөвлөгөөг 4,7%-иар тасалж, 1959 онд байсан малаа 852 толгойгоор хорогдуулж, хадлангийн төлөвлөгөөг 0.6%, таван төрлийн төл бойжуулах төлөвлөгөөг 21.5%-иар тасалдуулж, малын хашаа барих ажил 99%, худаг гаргалт, засварлалт 41%, чоно агналт 52%, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга 200-352%-иар биелсэн байна.  Тус сумын хүн эмнэлэгийн ор хоногийн төлөвлөгөө 122.4%, сургуулийн сурагч элсүүлэх төлөвлөгөө 104.2%-иар биелжээ.
 Баянхонгор аймгийн Гурванбулаг сум нь 1964 онд 91575 толгой малтай 600 гаруй өрхтэй 2000 гаруй хүн амтай байжээ. Гурванбулаг сумын төвд Нэгдэл, Хүний бага эмчийн салбар, Банк, Радио холбооны салбар зэрэг байгууллагууд төвлөрөн ажиллаж байв.  Тус сумын Хөгжил нэгдэл нь 76000 малтай 600 гаруй өрхийн 2000 гаруй хүн амтай, мал аж ахуйн 4 бригадтай үйл ажиллагаа явуулж байлаа.
Тус сумаас 3 дугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд Хоньчин Санжийн Бат-Очир, тууварчин Д. Лхагва нар хөдөлмөрийн амжилтаараа шалгарч БНМАУ –ын хөдөлмөрийн баатар болцгоосон юм.
 

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЕИЙН ГУРВАНБУЛАГ
Гурванбулаг сумын Ардын Депутатуудын чуулганаараа 1991-1995 онд сум орныг хөгжүүлэх эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэж баталсан байна. Чуулганаас нэг өрх аминдаа 50-100 малтай болох зорилт тавьж, 1991 онд өмнөх оноос өрх тутамд 5 малаар өссөн байна. Энэ нь “Хөгжил” нэгдлийн зөвлөл, түүний удирдлага О.Нямдаваа гэрээ түрээсийн хэлбэрийг оновчтой зөв зохион байгуулсны үр дүнд юм.
    Гурванбулаг сумын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1991 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 07 дугаар тогтоолоор сумын өмч хувьчлалын даргаар Л.Гүрсэд, нарийн бичгийн даргаар ня-бо А.Долгорсүрэн, гишүүдэд Ч.Лхагвасүрэн, Д.Догсом, Д.Цэдэндорж, Ж.Чимидбал, Ч.Жамбалдорж, Ч.Маам, хэсгийн төлөөлөгч Пунцагдорж, Н.Батсүх, “Хөгжил” нэгдлийн даргын 1991 оны 2 дугаар сарын 15-ны 35 дугаар  тушаалаар нэгплийн өмч хувьчлалын даргаар Д.Догсом, гишүүдэд Р.Жадамбаа, Д.Нансалмаа, В.Гүрбазар, П.Содном, Ч.Найдан, Л.Даш-Ёндон нар томилогдсон байна. “Хөгжил” нэгдэл тухайн үеийн ханшаар  14405.9 мянган төгрөг бүхий мал сүрэг, 4003.6 мян.төгрөг бүхий үндсэн хөрөнгө, 7982.3 мянган төгрөг бүхий эргэлтийн хөрөнгө, нийт 26391.8 мянган төгрөгний өмч хөрөнгийг ажилласан болон адил тэнцүү хэлбэрээр 1111 хүнд хувьчлах тооцоо хийжээ. Хямдарсан үнээр 45 хүнд нэг хүнд 2 хонь, 1 үхэр бүгд 1800 төгрөгний мал хөрөнгө олгосон байна. Сумын худалдаа бэлтгэлийн анги 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүх ажилчин албан хаагчдын хурал хийж “Цэнгэл” хоршоо нэртэй болсон байна. “Цэнгэл” хоршоо 1991 оны байдлаар хүнсний болон барааны 7 төрлийн агуулах, хүнс, бараа, соёлын, дэлгүүрийн барилга, авто машин, трактор, бусад эд хогшил бүхий  балансын үнээр 376079 үндсэн  хөрөнгөтэй байжээ. “Хөгжил” нэгдэл, ”Цэнгэл” хоршоо,  Ахуй үйлчилгээний төв нь хууль тогтоол, журам зааврын дагуу хувьчлагдаж ямар нэг ноцтой гэх зөрчил гараагүй байна.
Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан БНМАУ-ын аварга малчин О.Даваацэрэн “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор , Б.Тийнаа “Алтан гадас” одонгоор, В.Гүрбазар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар,  Ардын хувьсгалын 70 жилийн ойн медалиар 134 хүн, Зэвсэгт хүчний 70 жилийн ойн медалиар 8 хүн, Алдарт эхийн одонгоор 9 хүн шагнадсан байна. “Хөгжил” нэгдлийн ерөнхий мал зүйч Ж.Банзрагч, 3-р багийн саальчин Г.Гандулам нар аймгийн хөдөлмөрийн аварга, 4-р багийн хоньчин Ш.Оюунгэрэл Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний малчин залуу” алтан медалиар, 3-р багийн саальчин Б.Мягмарсүрэн, Б.Адъяасүрэн, 4-р багийн хоньчин Б.Төмөрбаатар, 2-р багийн хоньчин С.Чадраа, тууварчин Б.Баатархуяг нар сумын хөдөлмөрийн аварга болжээ.
Улс төрийн шинэчлэл орон даяар хийгдэж байгаатай уялдан сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны зохион байгуулалтыг танхимын хэлбэрт оруулсан нь олон ургальч үзлийг иш үндэс болгон асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж төр захиргаа, нам олон нийт, аж ахуйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд  ард иргэдийн саналд тулгуурласан шийдвэр гарах алхам бүрдэж эхэлж байв.
Гурванбулаг сумын ЗДТГ, ИТХ түүний удирдлагууд сумын хөгжлийн тухайн үеийн байдал, ард түмний аж амьдалыг төр засгийн удирдлагуудад танилцуулах санал санаачлага гаргаснаар 1994 онд Монгол улсын ерөнхий сайд, Зам тээврийн сайд Сандалхан, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд, Байгаль орчны сайд Ж.Батжаргал, Худалдаа үйлдвэрийн сайд Цогт,  МУЗН-ийн ерөнхийлагч Шура, Монголын иргэнийн хамгаалалтын төвийн дарга хошууч генерал Дамдинсүрэн нарын зэрэг хүмүүс Гурванбулаг суманд хүрэлцэн ирж, сумын удирдлага, иргэд сургуулийн барилгад улсаас хөрөнгө оруулалт хийх талаар тодорхой  санал тавьжээ.
Манай сумын хөдөлмөрч малчдын дундаас БНМАУ-ын аварга малчин Б.Тийнаа 1995 онд сумын зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн  анхны мянгат малчин болсон байна. Хагас зуун жил болсон “Хөгжил” нэгдэл зах зээлийн эдийн засгийн эхний жилүүдэд үндсээрээ өөрчлөгдөж 1996 онд З.Пүрэвжав захиралтай “Баянхайрхан” ББХКампани, Д.Догсом захиралтай “Хөгжил”ББХКампани болон зохион байгуулагдаж, зарим гишүүд нь ардын аж ахуйтан болжээ.
Эрчим хүчний салбарыг 1995 онд сумын ЗДТГ- ын мэдэлд авсан боловч найдвартай үйл ажиллагаа алдагдаж  ихэнх тохиолдолд харанхуй байсан нь ард иргэдийн амжиргаанд хүндээр тусч олон түмний бухимдал удаан хугацаагаар үргэлжилсэн юм.
 Сумын Эрчим хүчний салбарыг аймгийн Эрчим хүчний үйлдвэрт шилжүүлснээр үнийн зөрүүг улс хариуцахаар болсноор иргэдээс төлөх төлбөрийн хэмжээ 40 хувиар буурчээ. “Буман нарны гэр” төсөл хэрэгжиж 65 айл өрх нарны гэрлээр тэжээгдэх цахилгаан үүсгүүр шинээр тавьж ашигласан байна.
Заг-Гурванбулаг сумын хоорондох өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугамын ажилд 1997 онд 96 сая төгрөгний хөрөнгө улсын төсөвт суулган өгч Баянхонгор аймгийн ус суваг ашиглалтын “Их Богд” кампани гүйцэтгэгчээр 2 жил ажиллан 40 гаруй км-ийн газаар шорооны ажил хийж түүнд шаардагдах төмөр бетон шонгийн ваар, дэгээг угсарч суулган 30 тонн цахилгаан дамжуулах хөнгөн цагаан утас татаж үндсэндээ нийт ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэж, 6.2 км газрын хөнгөн цагаан утас авах хөрөнгө дутсанаас ашиглалтад орж амжаагүй юм. Гурванбулаг сумын эрчим хүчний ажилд 1999 онд аймгийн төсөвт 6 сая төгрөгийг нэр заан суулгаж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж өгчээ.
                                                                                                        

                                                                                                    В.Гүрсэд. "Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын түүхэн товчоон" ном,

                                                                                                                                Улаанбаатар хот 2014 он 39-62-р тал

2022-06-28 17:50:13