МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу.

Эрхэм хүндэт нутгийн зон олон, улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох хөдөө аж ахуйн хөгжлийг бүтээлцэж яваа малчид, төрийн өмнөөс ард иргэддээ үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албан хаагч нар Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, айлчлан ирж буй 17 дугаар жарны “Үзэсгэлэнт болгогч” хэмээх Харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд 128 төрийн албан хаагч төрийн үйлчилгээг ард иргэддээ хүргэн ажиллаж байна. Эдгээр төрийн албан хаагчдын  36% нь эрэгтэй төрийн албан хаагчид байдаг. Нийт төрийн албан хаагчдын 93% нь мэргэшсэн буюу мэргэжлийн албан хаагчид ажиллаж байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын хувьд төрийн захиргааны 7 албан хаагч, босоо удирдлагатай 8 албан хаагч, улс төрийн 7 албан хаагч, төрийн үйлчилгээний 8 албан хаагч ажиллаж байна.  Төрийн захиргааны албан хаагчдын дотор дөтгөөр зэргийн туслах түшмэл 1, гутгаар зэргийн дэс түшмэл 2,  тэргүүн зэргийн дэс түшмэл 1 ажилладаг.

Сумын Засаг даргын Тамгын газар нь  Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Монгол Улсын Хөгжлийн зорилтот хөтөлбөр”, “Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Баянхонгор аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Баянхонгор аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө” зэрэг урт болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд үндэслэн “Гурванбулаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Гурванбулаг сумын хөгжлийн жилийн төлөвлөгөө”-гөө боловсруулан ажиллаж байна.

Сумын хэмжээний онцлог амжилтуудаас дурдвал сүүлийн 4 жилийн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн хөндлөнгийн үнэлгээгээр 91-93%-ийн гүйцэтгэлтэй үнэлэгдэж, аймагтаа Тэргүүн байр, улсад 8 дугаар байр эзэлсэн сайхан амжилтыг үзүүллээ.

Сумын Санхүүгийн албаны дарга П.Тогтохжаргал “Баянхонгор аймгийн Санхүүгийн салбарын аварга ажилтан”-аар шалгарсан сайхан амжилтаар айлчлан ирж буй туулай жилээ угтаж байна.

2022 онд төрийн албан хаагчид бид Төсвийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын сахилга, ажлын хариуцлага, дэг журмыг сайжруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бол 2023 онд төрийн албаны ISO стандартыг нэвтрүүлж, төрийн албан хаагчийн аливаа асуудалд албаны байр сууринаас хандах хандлага, үнэнч шударга байх, шуурхай, ажил хэрэгч байх, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, төрийн албанд ил тод нээлттэй байдлыг сайжруулахад анхаарч ажиллахаар олон олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Ингээд иргэд, төрийн албан хаагчид, залуучууд, хүүхэд багачууд та бүхэн минь төрт ёсоо дээдлэн, ахас ихсээ хүндэтгэн золгож, айл саахалт, ахан дүүсээрээ учран баясаж, Монгол өв соёл, зан заншлаа үр хүүхэд, ирээдүй хойч үедээ уламжлуулан хадгалж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Гарч буй Туулай жил маань бид бүхний хувьд хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхныг авчирсан, үр хүүхдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болгон өсгөн хүмүүжүүлж, элбэг хангалуун, амар тайван амьдрах эрхэм зорилготой хүн бүрийн хүсэл ерөөл нь тэгширсэн, өгөөж буян арвинтай сайхан жил байх болтугай.

Засаг дарга Э.Жавхлан 

Засаг даргын Тамгын газрын дарга Р.Гантулга 

2024-01-22 11:45:20