МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН ДАМДИНСҮРЭНГИЙН ОЧИРБАТ

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН ДАМДИНСҮРЭНГИЙН ОЧИРБАТ

Д.Очирбат 1950 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3-р багийн  нутаг Урт хэмээх газар малчин ард Дамдинсүрэнгийн 2 дугаар хүү болон мэндэлж, бага насаа эцэг эхийн хайр ивээл дор хүмүүжин өнгөрөөж, 1968 онд 10 дугаар анги төгсөөд 1969 онд Тээврийн хорооны харъяа Авто жолооны сургууль төгсөж, жолоочийн мэргэжил эзэмшээд баяр хөөр болон 1969 онд Барилгын цэргийн 164 дугаар ангийн авто тээврийн баазад жолоочоор хөдөлмөрийн гараагаа эхлэн аяны алтан шар замд тоосоо өргөн энэ л байгууллагад тасралтгүй 28 жил жолоочоор ажиллахдаа Барилгын цэргийн ачаа тээвэрлэн 14 аймаг, 3 хотод барьж буй улс ардын аж ахуйн  болон тусгай объектын олон арван барилга байгууламжийн барилгын материал, төрөл бүрийн бараа материал, намрын ургац хураалт, цаг зуурын зудтай газруудад өвс тэжээл, бусад бараа материалыг тээвэрлэн, чиргүүл чирэн аль болохоор хоёр талдаа ачаатай явахыг хичээн, ажилдаа нарийн тооцоо судалгаатай ажиллаж, хөдөлмөрийн багагүй үр дүнд хүрсэн хүн.
Д.Очирбат  тэнгэр   өнгөтэй   цэнхэр  Зил-ээ барин өөрийн бололцоо бүхнээ ашиглан, тус баазын удирдлага, инженер, механик, бригадын хамт   олон,   мэргэжил   нэгт   сайн   нөхдийн тусламжтайгаар хүнд даацын 10 тоннын чиргүүл хоёрыг хийж,  байгууллагын дансанд тусган тээвэрт ашиглан, улс, арми, байгууллагадаа үлэмж  хэмжээний  ашиг оруулжээ.  Д.Очирбат жолоочоор ажиллах хугацаандаа 2 шинэ ЗИЛ-130 машин, 1 шинэ 5 тн-ын чиргүүл авч 15 жил жолоодохдоо их засваргүйгээр 760000 км явж, хоёр машины норм дуусган 5500000 тн/км-ийн ажил хийж, 38000 тн ачаа тээвэрлэн, даац ашиглалтыг өндөр түвшинд байлгаж, сэлбэг материал, резинэн дугуй, бензин шатахуунаас их хэмжээний цэвэр орлого улсад оруулжээ. Зөвхөн Барилгын цэргийн 164 дугаар ангид 28 жил ажиллах хугацааны сүүлийн 15 жилд 35 жилийн ажил хийж, осол зөрчилгүй ажилласны г барилгын цэргийн анги, байгууллага, хамт олон өндрөөр үнэлж, байгууллагын техник эзэмш, ачаа эргэлтийн  аваргаар 3 удаа,  Барилгын цэргийн аваргаар 4 удаа, Армийн аваргаар 3 удаа шалгарч, Улсын аварга барилгачин цол тэмдгээр, Онц тээвэрчин, осолгүй манлай жолооч цол тэмдэг, V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, Засгийн газрын жуух бичиг жуух, Тээврийн яамны жуух, Улсын барилгын хорооны   жуух,    МХЗЭ-ийн   Төв Хорооны үнэмлэх, БЦ-ийн хүндэт үнэмлэх, МХЗЭ-ийн Төв Хорооны  медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор БНМАУ-ын Гавъяат тээвэрчин цолоор энгэрээ мялаажээ.
Очирбат МҮЭ-ийн XIII Их хурал, МАХН-ын XX Их хуралд төлөөлөгчөөр оролцож, ЗХУ-ын 3 хотоор аялан Саятан жолооч цол хүртэж, 12 хүнтэйгээр хөдөлмөр урамшуулал, зохион байгуулалтын бригад байгуулан нарийн тооцоо судалгаатай ажиллаж, тодорхой үр дүнд хүрчээ. 1997 онд дээд газрын шийдвэрээр анги байгууллага татан буугдаж, өмч хувьчлалаар уг машинаа хувьдаа авч, 1994 оноос "Хөх нуур" ХЭАА байгуулан 2 хүүхдээ өөрийн мэргэжлийг өвлүүлэн эзэмшүүлж, тээвэр худалдааны чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэн ажиллаж явна.
Д.Очирбат өлзий өгөөжөө өгсөн алтан шар замдаа тоосоо өргөсөөр нэгдүгээр зэргийн жолооч болсон нь аян замын өгөөж билээ. Д. Очирбат хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гарган хүний дайтай амьдарч яваагаа аав, ээж, ахынхаа ажилсаг нямбай зан чанар, Барилгын цэргийн удирдлагууд, хамт олны ач тус гэж баярлаж явна. Түүний эцэг Дамдинсүрэн Гурванбулаг сумынхаа өвгөн хүрээнд бага насандаа шавилан сууж, 1939-1945 оны дайны үед зүүн хязгаарт цэргийн албанд татагдан 5 жил алба хаасан ба нутаг усандаа ажилч нямбайгаараа алдартай хүн байв. Ээж Дүгэржав нь их уран, дээл оёж, гутал хийдэг үйлэнд уран хүн байв. Гэргий Б.Оюунцэцэг 1978 онд МУИС-ийг ня-бо эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөөд л Барилгын цэргийн анги байгууллагад 20 гаруй жил ажил амьдралаа зориулж яваа аж.
Эднийх 4 хүүхэдтэй. Том хүү О.Мөнх-Эрдэнэ 1991 онд аавынхаа мэргэжлийг эзэмшээд Герман, Япон орны машинуудыг эх орондоо оруулж ирэн наймаалдаг бизнесмен. Охин О.Мөнхтуяа Олон Улсын Харилцааны дээд сургууль төгссөн. Одоо Чех улсын Карлын Их сургуульд сурдаг. Хүү О.Мөнхбаяр, охин О.Мөнхжаргал нар их сургуульд суралцаж төгсөөд ажил амжилтынхаа гарааг эхэлжээ.

2022-06-28 00:00:00