МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ РАВСАЛЫН ДАВАА

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ РАВСАЛЫН ДАВАА

     Даваа Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Цэцэг алагласан Шар усны гол хоржигнон, түүний захаар мал сүрэг бэлчээрлэнэ. Равсал гуайнх Гурванбулаг сумынхаа энэ л сайхан нутагт зусна. Равсал мал маллахын зэрэгцээ элдүүр элдэх, ан гөрөө хийх зэргээр амьдрал ахуйгаа өөд татаж үр хүүхдээ тэжээнэ. Хүү Р.Даваа малч ажилч байдлыг даган дуурайж, хонь хурга хариулна. Ээж Должин сааль сүүгээ сааж, цагаан идээгээ боловсруулан, 9 хүүхдээ тэжээж өсгөсөн алдарт эх юм.
Р. Даваа нас бие тэнцэж Гурванбулаг сумын бага сургуульд орж, улмаар Баянхонгор аймгийн 7жилийн сургуульд суралцаж төгсөөд, 1948 онд МУИС-ын бэлтгэл ангид орж, суралцан, 1950 онд МУИС-ын мал эмнэлэгийн ангид орж, мал маллах арга ухаанаас гадна эмчлэх, сэргийлэх бүхий л зүйлийг шаргуу сурч, 1955 онд төгсчээ. Энэ үед мал аж ахуйн мэргэжилтнүүд ховор учир Р.Давааг сургууль төгсөнгүүт МААЯаманд малын их эмчээр ажиллажээ. Хөдөөд малын эмч мэргэжилтнүүд дутмаг учир 1956 онд Баянхонгор аймагт Халдвартын их эмч, Богд суманд сум дундын их эмч, ХААИС-ын Мал эмнэлгийн факультетад багш, ХААЯаманд мэдээллийн тасгийн эрхлэгч, 1973 оноос ХААИС-ийн мал эмнэлгийн факультетад багш, тэнхимийн эрхлэгч, мэргэжил дээшлүүлэх факультетын декан, 1995 оноос өнөөг хүртэл МЭБТС-д зөвлөх багшаар ажиллаж яваа. Тэр аливаа ажилд гярхай ханддаг малын сайн эмч, сайн багш, эрдэмтэн болоход профессор Ц.Жамъянжав, Б.Яринпил, академич Ц.Тойвгоо, мэргэжилтэн Василий Романович Тарасов, Иван Федорович Макров, профессор Михаил Васильевич Плахотин нараа дурсан санаж ажилладаг ажээ.
Р.Даваа 1968 онд Москвагийн мал эмнэлэгийн академид мал эмнэлэгийн ухааны дэд эрдэмтний зэргийг "Монгол тэмээний толгойн дагуур хөндий, тэдгээрт хүрэх зам" сэдвээр, 1994 онд мал эмнэлгийн шинжлэх ухааны докторын зэргийг "Бэлчээрийн монгол малын мэс заслын эмгэг" сэдвээр тус тус хамгаалсан. Монгол Улсын профессор, МУ-ын шатрын спортын мастер цолтой. Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны тэргүүлэх мэргэжилтэн болжээ.
Р.Даваагийн МАА-н мэргэжилтэн бэлтгэх, багшлах ур чадварыг нь үнэлж, төр засгаас Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиар энгэрээ мялаажээ. Р.Даваа Ардын боловсролын тэргүүний ажилтан, ХАА-н шинжлэх ухааны тэргүүний ажилтан цолтой. Мал эмнэлгийн шинжлэх ухаанаар боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэг олгох эрдмийн зөвлөлийн гишүүн хүн юм. Эхнэр Авдайн Цэдэн Хэнтийн аймгийн Дадал сумын харъяат, хүний их эмч мэргэжилтэй. Нэгдсэн III эмнэлэгт наркозын эмчээр 20 гаруй жил ажиллаж явна. Эднийх тусад орсон 5 хүүхэдтэй. Охин Д.Тунгалаг ХААИС-ийн харъяа Эколог техникийн хөгжлийн дээд сургуульд багшаар ажилладаг ба бусад хүүхдүүд нь хувиараа хөдөлмөр эрхлэн ажиллаж амьдарч явна.
 

2022-06-28 17:21:44