АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН ГУРВАНБУЛАГ СУМЫН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА.

 Өвөлжилт хаваржилт хамгийн хүндэрсэн Гурванбулаг сум нь 152.000 малтай. Үүнээс албан байдлаар мэдэгдсэн нь 15.700 гаруй мал зүй бусаар хорогджээ. Уул болон талд гарсан адуу, сарлаг үхрийн хорогдол хэр хэмжээнд хүрснийг одоогоор тоолоход хомс аж. 432 малчин өрхөөс огт малгүй болсон дөрвөн айл, малын 70-80 хувийн хорогдолтой 15 өрх байгаа аж.

Цасны зузаан, хэт хүйтний улмаас хүрч ажиллаж чадахгүй айл өрхүүд олон, байнгын нүүдэл суудлын улмаас түлшний болон бэлэн мөнгөний хомсдолд малчид оржээ.

Тус нөхцөл байдалтай Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан танилцаад дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

✅1000 боодол өвс үнэгүй олгох

✅1000 боодол өвс хөнгөлөлттэй үнээр олгох

✅УИХ-ын дарга, УОК-оос ирүүлсэн малын тэжээл, хүсний дэмжлэгийг иргэдэд олгуулах

✅30 сая төгрөгийн зээл сумын Онцгой комисст олгох

✅Зам гаргах, өвс тэжээл хүргэхэд туулах чадвар сайтай техник ажиллуулах

✅100 тонн нүүрс

✅Уул уурхайн техник хэрэгслийг ажиллуулахад шаардлагатай 1 тонн шатахууны зардлын дэмжлэгийг АОК-оос тус тус үзүүлэхээр болов.

Сумын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, давсан орлогын хүрээнд ИТХ-аас баталсан 70.0 сая төгрөгийг зудын арга хэмжээнд зарцуулан ажиллаж байгаа аж.

3 сарын 15-ыг хүртэл өвсний нийт хэрэгцээгээ тооцоолж өвс тэжээлийн нөөцийг цаг хугацаа алдалгүй сэлбэж хангалттай байлгахад анхаарч, нийт 6000 боодол өвс бүрдүүлэх, малчдын эрүүл мэндэд анхаарал хандуулах, зохион байгуулалтын ажил арга хэмжээгээ оновчтой шуурхай зохион байгуулахыг сумын Онцгой комисст үүрэг болгов.

2024-03-01 09:44:52