Засаг даргын Тамгын газрын даргын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Гурванбулаг хайрханаараа овоглон, ажил амьдралын зам мөр хөөж, Монгол эх орон, дэлхийн дайдад тархан суурьшсан уугуул иргэд, эцэг дээдсийн бадраасан тулганы галыг манаж, ус нутагтаа амьдран суугаа  нутгийн суугуул ахан дүүс, зон олон та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.

Гурванбулаг хайрханы ар, өвөр, Хар-Ус, Шар-Ус, Тээл, Түргэн, Билүүт, Нарийны гол, Хөх нуур, Заваг нуур, Матга, Өвөр Асгат, Бумбат, Тээл, Өлзийт, Жаргалант хөндий гээд өвөг дээдсийн олон зуунаар аж төрөн суурьшсан нутаг бол үржил шимээр баян дэлгэр, өгөөж хишиг бялхам дүүрэн, ариун дагшин газар орон билээ. Энэ сайхан нутагт хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилаараа алдаршин дуурссан нутгийн зох олон минь үеийн үед амьдран суусаар, Гурванбулаг нутгаа төдийгүй, Монгол улсаа алдаршуулсаар байна.

Манай сумын нутагт эмчилгээний зоиулалтаар ашиглаж болохуйц рашаан ус олонтой. Аялан жуулчлахад сэтгэл татам үзэсгэлэнт байгальтай, түүхэн дурсгалт газрууд ч цөөнгүй, агь, хялгана, ерхөг, сонгино, мангир гээд мал аж ахуйг эрчимжсэн чиглэлээр хөгжүүлэхэд зохицсон байгалийн ургамал элбэг, Вансэмбэрүү, алтанхундага, манжингарав, хөх, шар дэгд, зэрэг олон төрлийн эмийн ургамал ургадаг нь ч энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай хөрс суурь болно.

Манай сум нь уламжлалт Хөдөө Аж Ахуй, байгалийн асар их баялаг, шинэ цагийн техник, технологийн ололт, гагцхүү Гурванбулагчуудад л заяасан оюун билгийн гайхам чадвартаа түшиглэн, сум, орон нутгаа соёлт хүн төрөлхтөний аж төрөхүйн нийтлэг жишигт хүргэж, улмаар дэлхийн хөгжил цэцэглэлтэд ойртуулах шинэ зорилтыг хэрэгжүүлэх босгон дээр ирээд байна.

Шинэ мянганд энэхүү хөгжлийн гарааг түүчээлэх түүхэн хувь заяа өнөө цагийн та бидэнд оногджээ. Эн бол бахархал, басхүү томоохон үүрэг харуцлага билээ.

Сум орон нутгийн хөгжил дэвшил хувь хүний хөгжлөөс, ялангуяа тэдний идэвхи санаачилга, оролцооноос шууд хамаарч байгаа нь өнгөрсөн жилүүдэд илүү их ажиглагдлаа.

Өнөөдрийн шинэ зуунд, түүхэн шинэ нөхцөлд байгалийн баялагт түшиглэсэн аж үйлдвэр, уламжлалт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, улмаар нэмүү өртөг шингэсэн, байгальд ээлтэй, экспортын чиглэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, Гурванбулагаар овоглосон шинэ брэндүүдийг бий болгож, хүн ардынхаа ая тухтай, эрүүл саруул аж төрөх нөхцөл боломжийг хангасан дэвшилтэт технологитой үйлчилгээний салбаруудыг үүсгэн хөгжүүлэх нь эрхэм зорилт болоод байна. Үйлдвэрлэл үйлчилгээг зохистойгоор хослуулж, орчин үеийн холбоо мэдээллийн шинэ технологийг эзэмшин, аялал жуулчлал, дэд бүтцийн таатай нөхцлийг бүрдүүлэх ялдамд залуу хойч үеийнхэндээ шинэ эриний эрдэм боловсролыг хүртээн эзэмшүүлж, мэдлэг чадвартай үндэсний мэргэжилтнийг бэлтгэх нь Гурванбулаг нутаг шинэ эринтэй хөл нийлүүлэн хөгжих үндэс суурь болно.

Иймээс өнөөгийн түвшинд бий болсон нөөц чадавхи, орон нутгийн онцлог, давуу талдаа тулгуурлан сумаа хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулж чадахуйц эдийн засгийн хүчин чадлыг бүрдүүлэхэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах ажил маш чухал бөгөөд энэхүү иргэдийн оролцоог хангах ажилд манай цахим сайт чухал ач холбогдолтой байх болно.

Улсын нийслэл Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад оршин сууж байгаа нутгийн уугуул иргэд, эцэг өвгөдийн галаа манан суугаа нутгийн суугуул иргэд та бүхнийг ус нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцож, шинийг санаачилж, дэвшлийг нутагшуулахын төлөө бидэнтэй хамтран ажиллахад энэхүү цахим сайт туслах болно.

Бидний хамтын хүчин чармайлт Гурванбулаг нутагт шинэ хөгжил, сайхан амьдралын эх булгийг ундраах учиртай. Сэтгэлийн уяатай нутаг минь хөгжин дэгжиж, зүрхний хайртай нутгийн түмэн минь аз жаргалтай, сайхан амьдрах болтугай.

Та нартаа сайн сайхныг хүсье.

ГУРВАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН  ГАЗРЫН ДАРГА РАГЧААГИЙН ГАНТУЛГА

2022-06-30 16:17:01